Гепатит В гэж юу вэ?

Гепатит В гэдэг нь элэгний В вирусээр үүсгэгддэг элэгний халдвар юм. Энэ нь элэгний гэмтэл, түүнчлэн элэгний хавдарт ч хүргэх магадлалтай. Вирусийн халдвар авсан ихэнх хүмүүс халдвар авснаа мэддэггүй. Ихэнх орнуудад элэгний В вирус халдварлах хамгийн түгээмэл зам нь төрөх үед эхээс хүүхдэд байдаг.

Гепатит – үндсэн ойлголтууд.

Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай үг. Элэг бол таны эрүүл мэндэд маш чухал эрхтэн бөгөөд элэг үрэвсэх болон гэмтэхэд хэвийн ажиллагаа нь алдагдаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Вирус болон эм, согтууруулах ундаа нь элэгний үрэвсэлд хүргэх шалтгаан болдог. Австралийн хувьд хамгийн өргөн тохиолддог шалтгаан нь элэгний А, В, С виурсууд юм. Эдгээр вирусүүд өөр хоорондоо ялгаатай ч нийтлэг нэг зүйл нь бүгд элгэнд нөлөөлдөг.

Элэгний А вирус нь бохирдсон хоол хүнс болон усаар дамждаг. Хүний бие хэсэг хугацааны дараа энэ вирусээс өөрийгөө цэвэрлэж чаддаг. Элэгний А вирусээс сэргийлэх вакцин байдаг.

Элэгний С вирус нь цусаар дамждаг бөгөөд элгийг гэмтээх болон хавдар үүсгэх магадлалтай. Элэгний С вирусийн эмчилгээ байдаг ч сэргийлэх вакцин гэж байдаггүй.

Энэхүү гарын авлагад гепатит В-ийн талаарх мэдээлэл багтсан. Элэгний В вирусийн эсрэг вакцин болон өвдсөн хүнд зориулсан эмчилгээ бий.

Элэгний В вирусээр халдварласан бол танд юу тохиолдох вэ?

Цочмог болон архаг гепатит В гэж байдаг. Элэгний В вирусийн халдвар авсан ихэнх насанд хүрэгчид 6 сарын дотор вирусийг биеэсээ устгаж чаддаг бөгөөд үүний эсрэг дархлаа хамгаалалт тогтдог. Вирус устсаны дараа дахин энэ вирусээр халдварлахгүй бөгөөд бусад хүмүүст ч дамжуулахгүй. Үүнийг цочмог гепатит В гэдэг.

Хэрвээ халдвар 6 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл архаг гепатит В болдог. Элэгний В вирус авсан нялх хүүхдүүдийн 90% нь элэгний архаг үрэвсэлтэй болдог. Цаашлаад элэгний гэмтэл болон дутагдалд (элэгний үйл ажилагааны алдагдалд) хүрэх, насанд хүрсэн хойно нь элэгний хавдар ч үүсэх магадлалтай.

Халдвар авах үеийн нас Архаг Гепатит В-тэй болох магадлал
0-1 нас 100 хүүхдээс 90нь
1-5 нас 100 хүүхдээс 60нь
Насанд хүрэгчид 100 хүнээс 5нь

Элэгний В вирусийн халдвар авах үеийн нас бага байх тусмаа насанд хүрээд элэгний гэмтэл, элэгний хавдартай болох эрсдэл илүү нэмэгддэг. Австралид буй архаг гепатит В-тэй хүмүүсийн ихэнх нь гадаадад төрсөн мөн хүүхэд байхдаа элэгний В вирусийн халдвар авсан хүмүүс байдаг.

Архаг гепатит В ба таны эрүүл мэнд

Хэрвээ та архаг гепатит В-тэй бол, элэгний гэмтэл хэзээ ч үүсч магадгүй учраас эмчид дор хаяж жилдээ нэг удаа үзүүлж байх хэрэгтэй. Эмч танд элгэндээ болон биедээ хэрхэн анхаарах талаар хамгийн сайн зөвлөгөөг өгч чадна. Мөн эмч танд эм уух хэрэгтэй эсэхийг хэлж өгөх бөгөөд шаардлагатай бол элэгний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр илгээх бичиг хийж өгнө. Архаг гепатит В-тэй хүмүүсийн ихэнх нь эрүүл амьдардаг бөгөөд эм уух шаардлага гарахгүй ч байж болдог.

Өөрийн элгээ xамгаалахын тулд:

  • Архи, согтууруулах ундаа бага хэрэглэх эсвэл огт уухгүй байх
  • Эрүүл зүй зохистой хооллож, хэт өөх тосноос зайлсхийх
  • Хэвийн биеийн жингээ хадгалах
  • Тамхи татахаа зогсоох эсвэл багасгах
  • Тогтмол дасгал хийх
  • Стрессээ зохицуулах, хэрэгтэй үедээ сайн амрах
  • Элэгний бусад вирусээс хамгаалахын тулд элэгний А вирусийн вакцин хийлгэх нь элэгний ноцтой өвчин үүсэхээс сэргийлнэ.

“Эрүүл вирус тээгч” гэсэн ойлголт байхгүй

Архаг гепатит В элгийг гэмтээхгүй хэсэг хугацаанд явж болдог ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг ээдрээтэй өвчин юм. Элгэнд өөрчлөлт гарч эхлээгүй үедээ явж байгаа хүмүүсийг өмнө нь “эрүүл тээгчид” гэж нэрлэдэг байсан. Гэхдээ энэ өвчин таныг өөрөө ч мэдээгүй байхад өөрчлөгдөж байж болох ба элэгний гэмтэлтэй болох эрсдэлд хүрсэн байж ч мэднэ. Бид одоо “Эрүүл вирус тээгч” гэсэн ойлголт байхгүйг мэддэг болсон. Архаг гепатит В таны элгэнд ямар өөрчлөлт оруулж буйг мэдэх цорын ганц арга бол элгээ тогтмол шалгуулж шинжлүүлж байх явдал юм. Өмнө нь таныг “Эрүүл вирус тээгч байна” гэж хэлж байсан ч хамаагүй эмчид дор хаяж жилдээ нэг удаа үзүүлж байх хэрэгтэй.

Элэгний В вирусийн халдвар хэрхэн дамждаг вэ?

Элэгний В вирус нь халдвартай хүний цус, үрийн болон үтрээний шингэнд агуулагдаж байдаг ба эдгээр биеийн шингэнээр дамжин бусад хүнд халддаг. Хэдий дамжиж буй биеийн шингэн бага байсан ч вирус халдварлаж болдог.

Элэгний В вирусийн халдвар авах нас бага залуу байх тусам насанд хүрэхэд архаг гепатит В-тэй болох магадлал өндөр болдог. Халдвар дамжих нийтлэг зам нь:

  • Төрөх үед халдвартай эхээс нярайд халдварлах, ялангуяа хөгжиж буй орнуудад.
  • Хүүхэд насанд боогоогүй орхисон ил шарх шалбархай зэргээр дамжин халдварлах.

Элэгний В вирусийн халдвар авсан насанд хүрэгчдийн ихэнх нь вирусийг биеэсээ устгаж чаддаг. Насанд хүрэгчид вирусийн халдвар авах түгээмэл зам нь:

  • Элэгний В вирустэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох.
  • Эм, мансууруулах бодис тарьдаг зүү тариураа дамжуулан хэрэглэх.

Элэгний В вирус нь мөн дараах замаар дамжиж болдог:

  • Хувийн хэрэгсэл болох сахлын хутга, шүдний сойз зэрэг цустай байж болох хэрэгслүүдийг дамжуулан хэрэглэх
  • Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөө сайн ариутгадаггүй улс оронд зүү тариур, шүдний эмчилгээний багаж хэрэгсэл зэргээр дамжих. Харин Австралид эдгээр нь аюулгүй байдаг.
  • Донорын цусанд элэгний В вирус байгаа эсэхийг шалгадаггүй улс орнуудад цус сэлбэх үед халдвар авч болно. Австралид энэ нь аюулгүй байдаг.
  • Зүү тавих эмчилгээ гэх мэт уламжлалт эмчилгээний үед цусаар дамжин халдварлах.
  • Зүй зохистой ариутгаагүй шивээсний багажийг дамжуулан хэрэглэх үед мөн халдвар дамжиж болох бөгөөд үүнд гоо сайхны шивээс ч ордог.

Та дараах тохиолдлуудад элэгний В вирусийн халдвар авахгүй:

  • Ханиалгах
  • Тэврэх
  • Шавжинд хазуулах
  • Угаалгын өрөө болон жорлонг хамтран хэрэглэх
  • Хоол хийх, хооллох хэрэгслүүдээ хувааж хэрэглэх
  • Усан санд орох

Хүүхдийг хөхөөр хооллох нь аюулгүй бөгөөд ялангуяа тухайн нярай элэгний В вирусийн эсрэг вакцин хийлгэсэн бол айх аюулгүй.

Гепатит В дэлхий даяар хэр өргөн тархсан байдаг вэ?

Дэлхий даяар 350 сая гаран хүн архаг гепатит В-тэй байдаг ба жилд үүний улмаас 1 сая гаруй хүн нас бардаг. Ихэнх улс орнуудад элэгний В вирус дамжих хамгийн түгээмэл зам нь төрөх үед эхээс хүүхдэд дамжих зам байдаг.

Гепатит В-ийн тархалт дэлхий даяар

Эх сурвалж: ДЭМБ, 2011

Австралид байгаа архаг гепатит В-тэй хүмүүсийн ихэнх нь гепатит В тархалт өндөртэй оронд төрсөн байдаг.

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Архаг гепатит В-тэй хүмүүсийн дийлэнхэд нь онцгой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд тэд өөрсдийгөө вирустэй гэдгээ ч мэддэггүй. Хэдийгээр шинж тэмдэг илрэхгүй байсан ч энэ вирус нь элгийг гэмтээж байж болно.

Шинж тэмдгүүд гэнэт илэрч бас арилж болно. Мөн бусад өвчнүүдтэй ойролцоо шинж тэмдгүүдээр илэрч болно. Дараах шинж тэмдгүүд бол архаг гепатит В-ийн үед илэрч болох шинж тэмдгүүд юм.

  • Үе мөч өвдөх
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Элэг хавиар өвдөх (хэвлийн баруун дээд хэсэг)
  • Ядрах, сэтгэл гутрах, уур уцаартай болох
  • Бөөлжих

Архаг гепатит В буюу архаг элэгний В вирустэй эсэхээ мэдэх цорын ганц арга бол зөв цусны шинжилгээгээ өгөх юм.

Элэгний В вирусийн шинжилгээ өгөх

Бүх цусны шинжилгээ таныг элэгний В вирустэй эсэхийг хэлж өгөхгүй. Таныг элэгний В вирустэй эсэхийг мэдэхийн тулд эмч нарийвчилсан шинжилгээ хийх хэрэгтэй байдаг. Уг шинжилгээ нь таныг элэгний архаг В вирустэй эсэхийг эсвэл танд элэгний В вирусийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг хэлж өгнө. Элэгний В вирустэй эсэхээ мэдэхийн тулд эмчээсээ ямар шинжилгээ хийлгэх шаардлагатайг асуугаарай. Австралид шилжин суурьшихад өгдөг шинжилгээнүүд дунд элэгний В вирусийн шинжилгээ ихэнхдээ багтдаггүй.

Хэрвээ та архаг гепатит В-тэй бол эмч танд элэгний гэмтэл үүссэн эсэх, эмчилгээ шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилгоор нэмэлт шинжилгээнүүд хийж магадгүй. Эмч тань шинжилгээ бүрийг юу юунд зориулагдсан болохыг танд тайлбарлаж өгнө.

Хаана хэрхэн шинжилгээ өгөх талаар Монгол хэл дээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ‘Hepatitis B testing’ монгол хэл дээрх хуудсанд зочилно уу.

Хэрвээ танд дараах жагсаалтаас таарч байвал элэгний В вирусийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй:

  • Элэгний В вирус элбэг тохиолддог оронд, жишээ нь Монголд төрсөн эсвэл амьдарч байсан бол
  • Хүүхэд болон нярайд элэгний В вирусийн эсрэг үнэгүй дархлаажуулалт хийгддэггүй улс оронд төрсөн эсвэл амьдарч байсан бол
  • Эцэг эх, гэр бүлийн хэн нэгэн нь элэгний В вирустэй, элэгний өвчтэй эсвэл элэгний хавдартай бол
  • Гепатит В-тэй бэлгийн хамтрагчтай байсан бол эсвэл элэгний архаг В вирустэй хүнтэй амьдардаг бол
  • Шүдний эсвэл бусад эрүүл мэндийн эмчилгээ ажилбарыг хөгжиж буй улс оронд хийлгэсэн бол
  • Шивээс хийлгэх, биеийн арьс цоолж ээмэг зүүх эсвэл зүү төөнүүр зэрэг ажилбар хийлгэж байсан бол

Ямар нэг эмчилгээ бий юу?

Гепатит В бүрэн эмчлэгддэггүй ч вирусийг хянаж болох эмчилгээ байдаг. Эдгээр эм, эмчилгээ нь таны элгийг гэмтэх болон элэгний хавдарт хүргэх эрсдэлийг бууруулна. Мөн эдгээр нь таны элэг өөрөө өөрийгөө эмчлэхэд тусалдаг. Эмч тань таныг эм уух хэрэгтэй эсэхийг хэлж өгнө. Тиймээс эмчдээ тогтмол үзүүлж байх нь чухал.

Хэрвээ эм уух шаардлагатай бол эмч таныг нарийн мэргэжлийн эмч рүү илгээнэ. Нарийн мэргэжлийн эмч танд ямар эмилгээ байдаг болон аль нь илүү тохирохыг хэлж өгнө. Та эм ууж эхэлсэн бол эмээ тасралтгүй уух нь чухал ба нарийн мэргэжлийн эмчдээ тогтмол үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ ууж буй эмтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл эмээ уухаа зогсоолгүйгээр эмчтэйгээ эхлээд ярилцаарай.

Хэрвээ та байгалийн гаралтай, ургамлын эм зэргийг хэрэглэж байгаа бол эмчдээ хэлээрэй. Яагаад гэвэл энэ төрлийн эмнүүдийн зарим нь таны элгэнд нөлөөлөх эсвэл таны ууж байгаа эмийн үйлчилгээг зогсоох магадлалтай байдаг. Мөн эмч танд ямар төрлийн ургамлын гаралтай эмнүүдээс зайлсхийх хэрэгтэйг хэлж өгнө.

Элэгний В вирусийн тархалтыг зогсоохын тулд бид юу хийж чадах вэ?

Элэгний В вирусээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн шилдэг арга бол вакцин юм.

Австралид төрсөн ээж бүрт нярай хүүхэддээ элэгний В вирусын вакцин үнэгүй хийлгэхийг санал болгодог. Бүрэн дархлаатай болохын тулд эхний 12 сарын дотор вакциныхаа дараагийн тунгуудыг нь хийлгэх шаардлагатай. Энэхүү вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй.

Хүүхдүүд болон өсвөр насныхан, элэгний В вирустэй хүний гэр бүлийнхэн, ойр дотныхонд ч мөн энэ вакциныг үнэгүй хийдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эмчээсээ асуугаарай.

Элэгний В вирусийг зогсооход бидний хийж чадах бусад зүйлс:

  • Цуснаас цусанд дамжих эрсдлээс зайлсхийх: сахлын хутга, шүдний сойз болон бусад хувийн хэрэгслээ хэн нэгэнтэй хамтран хэрэглэхгүй байх
  • Ил шарх үүсвэл дариухан боож, энд тэнд цус үсэрсэн бол ариутгагчаар цэвэрлэх
  • Салфетка, ариун цэврийн хэрэгсэл, тампон, шархны лент зэрэг хувийн aриун цэврийн хэрэгслийг ам нь хаагддаг уутанд хийж хаях
  • Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч, чийгшүүлэгч зэргийг хэрэглэх
  • Эм болон мансууруулах бодис тарихад хэрэглэдэг зүү тариур зэргийг дамжуулан
  • хэрэглэхгүй байх (өөр хүний хэрэглэснийг хэрэглэхгүй байх)

Хэнд хэлэх ёстой вэ?

Хүн бүрийн хэрэгцээ, бусадтай тогтоосон харилцаа өөр өөр байдаг тул энэ бол шууд хариулахад хэцүү нийтлэг асуулт юм. Таныг ойлгож, дэмждэг хүмүүстэйгээ ярилцах нь тустай байж болно. Хэнд итгэж ярьж болохоо шийдэхэд яарах хэрэггүй.

Элэгний В вирустэй талаараа хүн болгонд хэлэх албагүй ч бусдад халдвар тараахаас сэргийлэх ёстой. Нэг гэрт хамт амьдардаг хүмүүс болон бэлгийн хамтрагчдаа хэлэх нь чухал бөгөөд ингэснээр тэд шинжилгээ өгч, вакцин хийлгэж чадна. Харин бусад хүмүүст энэ талаараа хэлэх шаардлагагүй.

Эмч нар, шүдний эмч болон бусад эрүүл мэндийн ажилтнуудад хэлснээр тэд танд тохирсон сайн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх бололцоо үүснэ. Гэхдээ хэлэх эсэх нь таны сонголт. Эрүүл мэндийн ажилтнууд таны нууцыг чандлан хадгалах мөн нууцлах үүрэгтэй. Харин тэд таныг ямар нэг хэлбэрээр гадуурхах ёсгүй.

Та архаг элэгний В вирустэй бол NSW мужид хуулийн дагуу зайлшгүй хэлэх ёстой хэд хэдэн нөхцөл байдал байдаг.

Үүнд:

  • таны даатгалын компанид ямар нэг халдвар болон өвчний талаарх мэдээлэл шаардлагатай бол
  • та Австралийн хамгаалах хүчинд нэгдэх эсвэл ажиллах хүсэлтэй бол
  • та үрийн шингэн эсвэл цусаа хандивлах хүсэлтэй бол

Хэрэв та энэ талаараа хэнд, хэрхэн хэлэхээ мэдэхгүй байвал дараах үйлчилгээнүүдээс зөвлөгөө аваарай.

Мэдээлэл болон дэмжлэг

Элэгний В вирусийн талаарх таны ямар ч асуултанд эмч тань хариулж чадах бөгөөд мөн доорх хаягуудаар холбогдож болох юм.

  • Hepatitis NSW
  • Гепатитийн тусламжийн утас
  • Сидней хотоос холбогдож байгаа бол: 02 9332 1599
  • NSW мужийн бусад хэсгээс холбогдож байгаа бол: 1800 803 990
  • www.hep.org.au
  • Multicultural HIV and Hepatitis Service
  • Гепатитын талаар өөрийн болон бусад хэл дээр мэдээлэл авах холбоос
  • www.mhahs.org.au
  • HALC
  • Элэгний В вирустэй холбоотойгоор ялгаварлан гадуурхалт болон бусад хуулийн холбогдолтой асуудлаар холбогдох.
  • Утас: 02 9206 2060
  • Үнэгүй дуудлага: 1800 063 060
  • www.halc.org.au
  • Translating and Interpreting Service (TIS)- Орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ
  • Утас: 131 450
  • Дээрх жагсаалтад байгаа аль нэг утас руу Монгол хэлний орчуулагчийн тусламжтай холбогдох бол TIS-рүү залгаарай. Энэ үйлчилгээ нь дотоод дуудлагын үнээр тооцогддог. Орчуулагчтай утсаар холбогдогдмогцоо танд ямар үйлчилгээ хэрэгтэй байгаагаа хэлээд холбож өгөхийг хүсэхэд болно.

Эрүүл мэндийн орчуулагч нар
Гепатит В-ийн талаарх яриа ярвигтай, ойлгоход хэцүү байж магадгүй. Эмнэлгүүд эрүүл мэндийн орчуулагчидтай байдаг бөгөөд орчуулагч нар нь эмчийн хэлсэн зүйлсийг болон таны асуухыг хүссэн асуултуудыг орчуулж өгдөг. Харин үзлэгийн цаг авахдаа бүртгэлийн ажилтанд орчуулагч xэрэгтэй гэдгээ хэлэх хэрэгтэй.